Монгол Улсын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төсөл нь Улаанбаатар хотын Шинэ төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-ийн цэвэрлэсэн усыг тус үйлдвэрт дахин боловсруулж, дулааны цахилгаан станц (ДЦС)-уудын үйлдвэрлэлийн хэрэгцээнд техникийн усны зориулалтаар эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлнэ.
Улаанбаатар хотод байрладаг ДЦС-ууд жилд нийтдээ 21.0 сая шоо метр (хотын нийт ус хэрэглээний 23.8 хувь) усыг газрын доорх усны эх үүсвэрээс авч ашигладаг бөгөөд үүний 15.0 сая шоо метр буюу нийт хэрэглээний 70 орчим хувийг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулахад ашигладаг байна.
Хоногт 50 мянга, жилд 18.3 сая шоо метр хаягдал усыг дахин боловсруулан техникийн цэвэрлэсэн ус болж ДЦС-уудад үйлдвэрлэлийн зориулалтаар эргүүлэн ашигласнаар газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах үйл ажиллагааг бууруулан, Улаанбаатар хотын хүн амын унд-ахуйн хэрэгцээнд ашиглах боломжийг бий болгоно. Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэрийг байгуулснаар хотын ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийн зохистой болон хариуцлагатай менежментийг бүрдүүлэх юм.
М-Си-Эс Проперти ХХК-ийн хэрэгжүүлж буй хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь усны салбарын урт хугацааны тогтвортой байдлыг дэмжээд зогсохгүй, төслийн бүс нутагт эдийн засгийн тогтвортой өсөлт, ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлж, жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцоог хангахад чиглэнэ.
Бид барилгын үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, нийгэм болон байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхийг эрмэлздэг.
Байршил: Сонгинохайрхан Дүүрэг, Улаанбаатар, Монгол
Захиалагч: Монголын Мянганы Сорилтын Сан
Хүчин чадал: Хоногт 50 мянга шоо метр хаягдал усыг дахин боловсруулна
Барилгын талбай: 9’712.46m2
Төсөл гүйцэтгэсэн хугацаа: 2022-2025